Wednesday 21 February 2007

банхар жил баяртай

өө юу вэ, үсээ сорлолоо гэсэн чинь шаал дүнкү болцон. Ядаж яг битүүний өдөр хоолойн хэсэгт сэрвэгнээд ханиаж хахсаар шинийн нэгнийг гаргачлаа, хмн ... Гадаа гудамжинд энд тэндгүй минут ч завсарлахгүй цаасан буу буудуулаад, салют дэлбэлээд хаа сайгүй пис пас хиншүү хярвас утаа униар, Багдадын гудамжинд байгаа билүү юу билээ ... нерв хөдөлмөөр юм.

Гал гахай ирлээ ирлээ
Алтан гахай гарлаа гарлаа ...

Зэ ... хүний биеийг олсоор гурав дахь нохой жилээ үдэж орхидым байна. Хамгийн эхний нохой жилийг их жаргалтай үдсэн дээ, ганц л бэрхшээлтэй, юув гэвэл би тэр үед хүний хэл мэддэггүй байсан, каш биш алимны сок уумаар байсан ч хэл нэвтрэлцэхгүйн улмаас асуудал үүснэ, эцсийн арга хэмжээ хэдэн ширхэг нулимс хүчээр үзүүлэн бархирч асуудлыг шийддэг байсан байж таараа, бусдаар бол дэлхий дээрх хамгийн сайхан нохой жил л дээ ... мэдээж би л болсон хойно сайхан үеэ санадаггүй ...

Хоёр дахь нохой жилд “сургууль ба гэр” гарчигтай бэсрэг өгүүллэгийн гол баатар цүнх барьж алхаад, цүнхэн дотроо хийсэн хэд гурван модтой чихрээ бодож явсаар байгаад л таарсандаг.


Гурав дахь нохой жил ... юу болоод өнгөрөв өө ... оны эхнээс л ПиСиний ард сэгсийж суусаар битүүний өдөр болчихдым даа, нэг мэдэхэд нар мандаад нэг сэрэхэд шөнө болоод ... амьдрал асар юмаа ...
Хаврыг цонхоор харж, нялх навчсыг нь таалж амжаагүй байтал зун болж зугаалж амжаагүй байтал намар айлчилж нойрмоглохын зуурт л өвөл тачигнаад өвдөг шилбүүрдэн одов оо хөөрхий бүтэн жил ...

Цэцэг жимс дэлгэрч байна
Цэлмэг нартай өдөр гоё ... гэснээс бага ангидаа ингэж дуулаад л их завсарлагаанаар ангиараа коридорт гимнастик хийдэг байлаа шд, за энэ ч яахав, тэр үед нохой жил биш байсан.
Энэ зун нэг өдөр найз, найзын дүүтэй хамт хотын өнгө үзэмжтэй танилцаж явтал тэнгэрээс хур буугаад, бүгчим өдрийн борооны сайхныг хэлэх үү гээд баясаж байтал онгироо тэнгэр пис хийж сад тавиад байгалийн шүршүүрт шалчийж нороогүй ч юм гэж үгүй шалба “ариуссан” нь нохой жилийн хамгийн нойтон өдөр байлаа, хүмүүс шал нороод асар сээкси, ялангуяа хүүхнүүд цамц нь юбка нь наалдаад хамаг гоо сайхан нь товойж төвийгөөд, хальт сэрэлтмэр .

Бас нэгэн сайн өдөр айлд очиж дөрөв таван кино бөөндөж үзэхээр тохироод түмэн тийшээ гэрэл сацруулж баяссан бодьсадва царайтай үүл хөлөглөх шахам дэвээд очсон яасан байхнуу, гэрийн эзэн дондогмаатаж, зэвүү хүргээд гэдэн хөдөлгөхөөр нь гулькоздож унагаад үсдэж чирэх гэснээ гэрт нь байгаагаа сануутаа секундын дотор ухаалаг шийдвэр гаргасан нь: үзэж байгаа киногоо тал дундаас нь хаяад хувцсаа шүүрээд ороолтоо хагас шидлээд гутлаа хам хум углаад хаалгыг нь тас хийтэл савюу гэтэл хаалга нь үлгэрийн юм шиг удаан онгойж хаагддаг, кайф авч чадаагүй ч гэсэн (дараа очиж зад өшиглөнө өө) үсээ хаялаад таг дуугүй тонгочин гарч одсон нь ... ёооо энэ жилийн хамгийн гончиг өдөр. Бурханы авралаар яг одоо би уургүй байна ... савалгаа

Зун монгол хоолоо санаад, харилгүй үлдсэн хоёр бачкатай цуйвандаж, 37 хэмийн чийгтэй халуунд халуун хоол идээд амь тавьдагийн алдад хүйтэн пяав араас нь ууя гэдэг мунхагийн мэргэн санаа гаргаж гурвуул хүйтэн пяав шилтэй нь тулгаж архидсаар би архичин болсон түүхтэй. Одоо халуун хоол хүйтэн пяав гэдэг хаяг самбар хоолны газрын гадаа харах л юм бол шүлс гоожоод байдаг минь ийм учиртай. Corona гэж зөөлөн гоё пиво байна, гэхдээ Tsingtao-г бол тугал шиг л ууна гэжуга. Энэ бол банхар жилийн архидаан байлаа.

Түүгээд байвал дандаа л үл бүтэх зэтэрсэн явдлууд тохиолдоод байсан юм шиг болох нь ээ, болив. Сайн сайхан зүйл мундахгүй олон тохиолгүй л яахав, гэвчиг нохой жил дөнгөж гарвуу үгүй юу эхнээсээ л савалгаатаж, орон гарантаж, уймарч, тэнэглэж, нервтэж, мээкээтэж, хааяа бас ганц нэг нарийн ширийн зүйлийн учигийг гальт ойлгож ухаарч түмэн янзаар түнтэгнэсээр байгаад ... найз нөхдийн холбоо, хувийн ирээдүйн асуудлууд тас орхигдчихсон байвал яасын ... ашгүй нэг нохой жил дууслаа ... гахай минь ээ, намайг авраарай хэлп.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж даанч үнэн үг ээ дээ.

зураглал

ханиад ... тарваган шийртэй сүү ... сагсны бөмбөг ... интернэт ... үхрийн махтай ориг бууз ...

ойрын хэдэн өдрийн зураглал ...

гэснээс энэ киноны зураглал тасархай, далийгийн далий ...

Sunday 11 February 2007

Aморе огцор!!!

Бодоод байхнээ миний дурлал нэг ч удаа бүтэж байсангүй. Бүр анх 12 настайдаа Эдмон Дантест дурласан боловч миний цаг үед бүү хэл ер нь дэлхий дээр тийм хүн хэзээ ч байгаагүй учир надад эд эсийн төдий ч найдлага алга байв. Дараа нь бас мэдсээр байж индиан Оцеллад сэтгэл алдаж мөрөөдөх боллоо, удалгүй Галдан Бошигт хааныг бодож манан будантав ... Гэтэл 9-р ангидаа ороод Том Крузд анхны харцаар л ... гээд байж байтал BSBoys-ын Ник гараад ирсэн, гэхдээ өмнөх бүтэх нь бүү хэл зураг хөрөг нь ч олддоггүй анхны дурлалуудын дэргэд энэ бол ихээхэн нааштай хэрэг л дээ. Ядаж л би энд гишгэж байхад тэр минь тэнд дуулж юмуу жүжиглэж ямарч байсан амьд байгаа гэж бодохоор бараг л бүтсэнтэй адил тооцмоор, гэсэн ч би Никийн нүдрүү яаж ч ширтээд Ник миний өөдөөс хичнээн гоёор ирмэж дуулаад ч бид хоёрт учрах тавилан заяасангүй, параллель замаар хувь тавиланг даган мөр мөрөө хөөсөн билээ.

Гэхдээ ... хожмын нэгэн өдөр их сургуулийн танхимд, гэгээн цагаан өдөр, түмэн олны дунд хажуухан талд минь, үгүй бүр дэргэд минь ... уйгагүй аморе сумаа шившиж байгаад харважээ, харвахдаа тас далий харважээ. Тийм хараа муутай юм уу, эсвэл солир юм уу, үнэхээр л ажлаа хийж чадахгүй бол чаддаг эрхий мэргэнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй шдээ энэ аморе. Эцсийн эцэст чадвар муутай нэг далавчтай жаалаас болж би бүтэн 7 жил хохирч хамаг цагаа алдаж байгаа нь хүний амьдрал тэр тусмаа залуу насны богино хугацааг тооцвол ихээ хорлонтой хэрэг, ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Тэрнээс болж одоо хэр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны наад захын арга ухаангүй, 16-тайдаа мэддэг байсан зүйлээ ч мэдэхээ больчихсон гайхаш тасарсан усан тэнэг амьтан хэвээр л байна. Тэсвэр тэвчээрийн туйлд хүрч муми, зомби болдогийн даваан дээр аморе дахин нумаа эвшээлгэж хоёр дахь сумаа тавьлаа, арай ч дээ ... хэлэх ч үг алга. Ядаж байхад намайг мөрөөрөө харвахгүй тэгж харвах болгондоо хажуугаар огт гэмгүй зөрж явсан хаа хамаагүй нөхөртэй давхар сүлбэчих юм, удаа дараа ийм осол гаргана, тэрнээс болоод бөөн гомдол чирэгдэл, мэдээж тэгээд би л засаж залруулах гэж “уучлаарай энэ намайг харвахдаа таныг жаахан шархдуулсан бололтой, бяцхан эндүүрэл гарчээ, та цаашаа замаараа явж болно” гэж учирласан ч хэлмэгдсэн этгээд “өө тэгээ юу за би явъя даа тэгүл” гэж хэлэхгүй нь тодорхой. Тэгж шархдагсадыг би өөрийн туршлагаар үнэн голоосоо ойлгодог боловч юугаар ч тусалж чадахгүй нь миний бундангийн эзэн надад яаж ч тусалж чадахгүйтай яг адилаар нэн гачлантай. Санаагаар болдог бол тэр шархтантай хамт хазганаад л цуг санжиганачихвал уг нь өөрт ихээ амар байхсан. Надаас шалтгаалахгүй юм гэж энэ хорвоод даанч олон ажээ. Аз болж аморе намайг сүлбэдэг шигээ хэлмэгдэгсдийг нэвт харвадаггүй болохоор гунихарсан, цам харайсан, бачимдсан янз бүрийн дүр төрх нь төд удалгүй тэгээд smile face болж хувирсан байдаг л даа.
Харин миний хувьд шархалж онгойсон цээжээ жавар тачигнасан салхи цас шуурганаас яаж хамгаалж халхлахаа мэдэхгүй даарч хөрсөндөө мэдрэл алдах шахан алхаж байдаг ч энэ бол ердөө аморегийн алдаа учраас бундангаа наасан этгээддээ хорсож бухимдаж байсангүй, магадгүй миний гомдож цөхөрсний тоогоор тэрэнд минь муу юм тохиолдох вий... миний бундан өөрөө мэдэлгүй буруу энерги болчихсон бууж байх вий, тийм бол юуны бундан байх билээ ... гээд айсандаа ... бушуухан шиг хоолойны зангирааг ус залгилж тайлчихаад, fitnessт дэвхэрч ухаан санаагаа түр атугай урвуулж баясдаг болой.
Явж явж тэгээд аморегийн хайнга зангаас болж үүсдэг иймэрхүү байдал ганц над дээр ч тохиолддоггүй гэдгийг авч үзээд нэн даруй нум сумыг нь хурааж, албан үүргээс нь буулгах шийдвэр гаргуулмаар байгаа юм. Энэ санал олонхийн дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна.


Дандаа далийж зөрүүлж байдаг аморег "болъё оо" гээд нэгэн киноны сайхан ерөөл үгийг түмэн олондоо дэвшүүлье. "Никулин Марганов хэн гурав архидаж байна, хүнд гарууд хундаганы үг хэллээ:
Ямаа авах мөнгө байвч хүсэл алга аа...
Байшин авах хүсэл байвч мөнгө алга аа... ийгээд ... (хоолойгоо засав) бодит байдал мөрөөдөлтэй минь дандаа нийцэж байх болтугай ... " гэж.
Бундан шидсэн наасан хагалсан бяцалсан эвлүүлсэн будсан чимэглэсэн гээд түмэн янзын бунданчуудад удку болохжаагаа баяраараа мөрөөдөлтэйгээ нийцсэн жиклаад авах болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөе.

Wednesday 7 February 2007

BI

Цаг хугацаа яваад л байна, би гэж хэн юм бэ? Хэрвээ би яг нэг зуун жилийн өмнө халхын хавтгайд төрсөн байжээ гэвэл сэтгэх санах зүйл минь мэдээж тэр үедээ л байх байсан шдээ, магадгүй ид насандаа лам болох гэж байснаа эрдэм сурахаар сургууль гэдэг байшинруу “хөөгдөж” улаан дарцаг хийсгээд гүйж байх байсан ч биз, Ленин гэж дэлхийн бүх хүний, бүр миний чиний багш, мундаг хүн байдаг гэнэлэй гэж бурхан адил сүсэглэн итгэх байсан буй за. Магадгүй бас ээж аавын үед төрсөн байсан бол коммунизм байгуулж байгаа эх орон минь гэж итгэж, гэхдээ бас юу нь ч юм болохгүй байгаад байна гэж далд совиндоо мэдэрч, намд элсчихвэл өөдөө гарна шдээ гэх найз нарын шивнээг сонсолгүй, байгаагаар нь шүүмжилж орхиод, түүнээсээ болж хяхалт хавчилтыг амсах байсан ч биз, гэхдээ ихэнх хүний итгэж мөрөөдөж байсан социализм гэх тэр ид үед төрсөн бол надад цаг үеэ шүүмжлээд хавчигдах тэсвэр тэвчээр байх байсан болов уу, аав минь.
Юутай ч би одоо цаг үеийн бүтээгдэхүүн мөн байна, дүрээрээ зогсож байна. Энэ миний цаг үе. Хэдхэн хүний найруулдаг жүжигт ноорхой ардын дүрээр зогсож байна, хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд даяаршлыг ч ярьж дангааршлыг ч дэмжиж байна, үеийн залуусын оргилуун бодолтой зорилго нэгдүүлж, болохгүй бүтэхгүй юманд хамтдаа харамсаж болгож бүтээх хүслээр хамт л сэргэж байна. Энэ миний цаг үе. Дурласан хүнийхээ гялалзсан нүд, хуруугаа ч хүргэж зүрхэлдэггүй ханхар цээжийг өөр аль ч цаг үеээр солихыг хүсэхгүй, дуу хөгжим кино урлагийн алийг ч энэ цагаараа л мэдэрч уусна. Гэхдээ ......... цаг хугацааны хүлээсэнд тас баглуулсан юм биш биз дээ? Мэдээж шүү дээ ... Дахиад зуун жилийн дараа ... миний гэсэн бүхэн замхарч одсон байхад хойноос минь хойч үе хааяахан нэг дурсаж бүдүүн тоймоор хэдэн үг хэлэхээс хэтрэхгүй ... муудаж сайдаж байсан хүмүүс ... гашуун үгээр утаж байсан бүхэн цаг хугацаагаар угаагдана ... арчигдана ... галзууртлаа дурласан зүрхийг хэн ч мэдэхгүй өнгөрнө ... булшлагдана ... алга болно ... хайрлаж байсан гэрийнхэн минь байхгүй л болно ... инээж наргиж дуулж тоглож явсан анд найзууд үгүй болно ... тэгээд юу үлдэнэ гэж? Юм үлдээхийн төлөө л юм уу? Цаг хугацаа юу ч үлдээсэн арилгаж л орхино. Үлдээсэн байлаа ч надад одоо шиг минь хүртээлтэй билүү? Тэгээд яахав? Дурла ... агсар ... ажилла ... амьдар ... инээ ... согто ... уйл ... мөрөөд ... жарга ... зов ... юу л болно тэр л болог ... “цаг үе”-ээс хэтэрмээр байвал хэтэрье, хоцормоор байвал гээгдье. Надад юу ч аль нь ч ялгаа алга ... гагцхүү оногдсон энэ мөчөө л хайрлъя, үдэж буй өдөр бүхнээ гамная, өгч байгаа мэдрэмжийг авсан шиг л авъя, өнгөрснөөс боловсорч ирсэн учрал тавилан болохоор чинь ... одоо цаг чамайг ... ирээдүйд “үйрч алга болдог” ч үргэлжлэл минь байх учраас ... одоо цаг чамайг л ...

Sunday 4 February 2007

Мөс

Weekend соёл үргэлжилсээр ... :D ойролцоох катокт галбирийн халтиргаа хийж, хүзүү далаар хуйларч бөөгнөрсөн шар ус хуян хий хуараа гаргав. Хавтгай цагаан мөсөн дээр чаддаг чаддаггүй хүмүүс тойрог урсгал болж урд хойноо орж сүлжилдээд ... , хөгжмийн аяанд сурмаг зарим нь нисчихвий дээ гэмээр салхи зүсэж шунгинахаар хараад л баймаар ... анх сурч байгаа зарим нь хатуу мөсөн дээр өвдөгний нүдээ хагартал түс гэж дөрвөн хөллөөд, тас гэж тархиараа саваад л хавтгай мөсөн дээр хавтгай болтлоо унаж, уйлах шахаж байнаа ...

Гэснээс flattening of the world дээр хүмүүс яг ингээд л чаддаг нь “нисээд л, эргэлт хийж үсрээд л, араараа гулгаж бүжиглээд л” ... чадкү нь “тэрий хадаж унаад л, дахиж босч ирж паацаганаад л, байдаг чадлаараа түнтэгнээд л” ...
Сурсан эрдэм олсон чадвар гэж гоё юм байдым байна харж байхад.

Хавтгай мөсийг хавтгай дэлхий болгож хэсэг “армаантик”-даж байхдаа араараа гулгалт хийж бараг л сурах дөхөв. Роликддог гарууд бол маш хурдан маневрлана л даа мөсөн дээр, гэхдээ л мөс бол мөс билээ, мөс цементнээс хатуу билээ, мөлчгөр болохоор лайтай билээ гсн.
Мөсөн дээр гулгаж гулгаад конькиг тайлсан чинь сүүтэй цай уусан юм шиг л болжийлэй, бас нэгэн кайфтай мөч, амьдрал зальжин шд, ийм жижигхэн жаргалаар хүртэл хүмүүсийг яаж ийгээд найрчаад байхын.

“Чадвартай байхгүй бол хавтгай мөсөн дээр нь хага унаж” мэдэх хатуу шүү дээ уул нь ...

Saturday 3 February 2007

миний хит















http://www.youtube.com/watch?v=o5uW6XZ8gBM

Nights In White Satin

Nights in white satin,
Never reaching the end,
Letters I've written,
Never meaning to send.

Beauty I'd always missed
With these eyes before,
Just what the truth is
I can't say anymore.
cause I love you,
Yes, I love you,
Oh, how I love you.

Gazing at people,
Some hand in hand,
Just what I'm going through
They can understand.

Some try to tell me
Thoughts they cannot defend,
Just what you want to be
You will be in the end,

And I love you,
Yes, I love you,
Oh, how I love you.
Oh, how I love you.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...