Нэг зүйл бичих гэж байна ... хадуурсан оршилд:
Хятад дууны сэдэв бараг 90 хувь нь хайр, ядахад дандаа бүтэлгүй наачнаа, тэгээл гутраал гэнгэнээл, үхлийн гуниг хоолойгоор гиншиж алдана. Зарим нэгний нь хайр азаар бүтсэн бололтой, чиний төлөө үхэж чадна, үхсэн ч хайрласаар байх болно жихшиг үгтэй, үлгэрийн гарууд шүү. Цагаа тулахаар үхдэггүй л байхгүй юу, эсвэл дурлуулсан объектууд ийм худлаа үгэнд дуртай байдаг юм уу. Энэ чинь уран сайхны халил шүү дээ гэж тайлбарлах байх, тэгвэл урлаг ч бас мөн чанар дээр үндэслэдэг байх гэж найддаг шүү ... Надад л лав хүн тэгж хэлбэл “хүүх за үхцэн бай даа, чадахыг чинь харъяа” л гэнэ, мэдээж чадахгүй байж уран донгодох илүү л байна. Үнэнээсээ ч бай тоглоомоор бай ч тэгж худлаа солиордог типийн бачкатай анхнаасаа нийлэхгүй л дээ. Хүн хүний өмнөөс тэр тусмаа хайраас болж үхээд л?!, дурлал нь бүтэлгүйтээд амиа хорлож байгаа тэр тэнэг бол хайртынхаа өмнөөс үхэж байгаа огт биш, золгүй өөрийнхөө азгүйтлийг тэвчээгүй хэврэгхэн амьтан байж хөөрхий, ум ма ни ...
Хүн хүний өмнөөс үхэж чадах үлэмжийн хайр байдаг гэвэл ... орчлон дээр миний өмнөөс үхэж чадах ганц л хүн бий, тэр хүн бол миний ээж ... бяцхан хоёр үрийнхээ аврал нь болж ганцаар үлдсэн амьдралдаа үхэх бүү хэл өвдөх эрхгүй тэмцсэн хүн ээж минь л байна ... үрээ аврахын төлөө үхэхээс буцахгүй амьд бурхан ээж байдаг юмаа ... бусад нь дуугай л бай гэмээр байна даа ... \санаа алдалт\
За за ... \хоолой засах\ сүүлийн үед бичлэг их агсан болоод байн. Тэр ч асуудал биш, гол нь юув гэхээр зарим нэг хүн манийг нь сэтгэл мэдрэлийн эмчид очихыг найрсгаар зөвлөж байн, хэхэ ... өгөөмөр сайхан сэтгэлд тань мэхийе, гэвч юунаас болоод тэр билээ гэхэд блог бичлэг , хаха ... Уул нь би боулинг тоглож, мөсөн дээр гулгаж, хоолоо хэвийн идэж, бүжиглэж, кино үзэж, мөнгө бодон гашилж, ирээдүйг төлөвлөж, бодлогширч, дуу дуулж, бас дурлаж хайрлаж ... байгаа. Тайлбар илүүц ч миний төлөө сэтгэл зовниж байгаа хүнийг тайвшруулахгүй бол нүгэл ... Бичлэг бол би биш, тодруулбал би бүхлээрээ биш ... гадуур баахан баясаж дэвж байгаад орж ирэнгүүтээ асар гуниг юм бичдэг ч юм билүү, эсвэл нулимсаа залгин залгин гэрэл гэгээг дүрслэдэг ч юм билүү... Блог дээгүүр яахав олон улсын үйл явдал улс орны амьдрал хөвөрч болно л доо, ном сонин сайтаас уншсанаа өөрийн үзэл бодолд хайрцаглаад эвлүүлээд байхад болохгүй гэхгүй, гэвч ертөнц даанч олон талтай, харах өнцөг хэтэрхий их, амьдрал дэндүү баян... шийдвэр гаргах фактуудыг хэрэгтэй цагт хэрэг болгож ашиглах уу л гэхээс наян мэдээллийг ийм тийм гээд бүлтрээд байвал дуусашгүй, ядаж би блогоор тэрийг таны тархинд чихээд яахав. Хувийн амьдралаа бичих үү, миний юу хийж байсан, хийж байгаа нь надад л сонин, хаа нэг хачир давстайгаар хуваалцдаг л даа, гэхдээ дандаа биш.
Тэгэхээр блог дээр юу хөврөөд байна? Гол төлөв зохиомж, мэдрэмжээ дүрслэдэг ... бүтэлгүй хайр, жаргалтай нас, хөгжилтэй явдал, эротик үйлдэл, зөн, зүүд ... юу ч байж болно. Надад тохиолдсон байх огт албагүй, яахав нарийндаа бол ой санамж, дурсамжууд, үйл явдлын хэлхээс, ургуулан бодолт, төсөөлөл ... энэ бүгд бичлэгт шууд нөлөөтэй нь мэдээж, нэг иймэрхүү... харин үгийн хэлхээсээ хэвшмэл логиктой байлгах тал дээр хойшид анхаарамз кхх..
Тодруулахад би уйгагүй оптимист. Миний өдөр хоногууд бурхны зургаар биш алхам бүрийн минь сонголтоор амилдаг гэж итгэдэг ... хувь тавилангаа өөрийн гараар зурдаг эрх чөлөөт амьдралтайгаа мэдэрч баясдаг ... үргэлжид хувирч өөрчлөгддөг мөнх бусын орчлон дээрх үйлийн үрийн хатуу хуулийн өмнүүр зөөлөн алхалдаг ... ийм л блогчин ч гэхүү, мэдрэлтэй нөхөр л дээ, тааллаараа бологтий :)))