Магадгүй бүр эсрэгээр мод намайг өрөвддөг биз, энэ гэж хүний үр төл хэзээ хойно бий болсон юу ч мэдэхгүй чаавас, учраа олохгүй амьтан, яах гэж ирсэнээ ухаардаг ч юм уу үгүй ч юм уу, нэг л их зорилгосог, тэр нь ямар учиртай нь асар бүрхэг, сайхан амьдрал? сайхан амьдрал гэдэг нь яг юу ч юм? мөнгө? сайн ажил? хайр? хөөрхий дөө гээд л ...
Уул ус мод хад салхи шоргоолж бүргэд баавгай барс гээд амьтад, байгаль, бүх юмстай ярьж сурах юмсан. Манай монголчуудын бөөгийн шүтлэг чинь ерөөсөө энэ тэнгэр уул ус сүнс сүлдтэй ярьдаг гэдэг биз дээ. Гэснээс сүүлийн үед энд тэндгүй бөө тодордог болчиж, урьд нь хаана байснаа одоо ингэж олноороо гарч ирээд байдаг юм бол доо. Оюутан байхад бөө судлаач Пүрэв гуайн лекц сонсож байхад бөө хүн гэдэг шавь орж уламжлагддаг биш, төрдөг юм, бөө болж төрсөн хүнд хоёрхон зам бий, нэг бол бөө болох, үгүй бол үхэх. Ингээд л тэнгэр сахиустай харьцаж нэгэн ёсны зайран болдог байх даа, бид мэт нь биеэр мэдрээгүй учир хэлж яаж мэдэх вэ. Бидний таньж мэдээгүй өчнөөн юмс байгаа болохоор юун туханд хүрэлгүй үгүйсгээд унах нь хэр тааруу л явдал.
За энэ олон оршлыг дуусгаад хэлэхэд ойр хавьд уншсан хамгийн гоё ном “Салхи зүсэлсэн хөвгүүн”-ээс болоод ингэж баахан жингүйдэв. “... харагдах ёсгүй зүйлийг оршдоггүй гэж үгүйсгэх нь өрөвдөлтэй хэрэг” тул бидний мэдэх мэдэхгүй өчүүхэн эд эсийн ертөнц, аварга том гариг эрхэс ... ерөөс харагдах хийгээд үл харагдах олон янзын ертөнц бий гэдгийг үгүйсгэж чадахгүй шүү дээ. Хүнээс өмнө оршин байсан, хүн сөнөхөд ч оршин байх бөмбөрцөгийн түмэн бодис байсаар атал “би бол хүн юм гээд гоохолзох хэрэггүй л юм” уу даа ...
Баярламаар нь, зүүдэндээ ч атугай салхи хөлөглөөд нисэж чаддаг минь ямар гоё вэ. Салхи ярихыг, болжмор жиргэлдэхийг, шоргоолжнууд ярилцахыг хэзээ ойлгодог болох вэ? Би яах гэж “энд” ирээд байгаагаа бүтэн бодож байлуу? Бодлоо гээд гүйцэд ухаарах чадал хүн надад бийсэн билүү?!
ps: зохиолч С.В.Николь, орчуулагч П.Наранбаяр, "Салхи зүсэлсэн хөвгүүн"
юм ярихгүй, зүгээр жингүйрцгээе